САНАМЖ

Олон улсын агаарын тээврийн үйлчилгээнд Варшавын Конвенц болон Монреалын Конвенцийг мөрдлөг болгодог бөгөөд зорчигч та энэхүү Конвенцуудыг мөрдлөг болгогч улс орон руу аялах буюу дамжин өнгөрөх үедээ доорх гэрээний нөхцөлүүдийг аяллын туршид дагаж мөрдөнө. Энэхүү Конвенциуд нь зорчигчийн амь нас, эрүүл мэнд, түүнчлэн тээшинд учирсан хохирлын үед тээвэрлэгчийн хүлээх үүрэг хариуцлагыг зохицуулна. Та “Тээш тээвэрлэлтийн хариуцлагыг хязгаарлах тухай зорчигчдод өгөх санамж” болон “Тээш тээвэрлэлтийн хариуцлагыг хязгаарлах тухай санамж” зэргийг анхааралдаа авна уу.

ГЭРЭЭНИЙ НӨХЦӨЛ

1. Энэхүү гэрээнд дурдагдсан зарим нэр томъёонууд нь дараах утгыг илэрхийлнэ.

“Тийз” гэдэг нь зорчигчид олгож буй тийз бөгөөд тээвэрлэгч байгууллага, зорчигч хоёрын хооронд хийсэн тээвэрлэлтийн гэрээ юм. Электрон тийзтэй тохиолдолд тийз болон ачааны баримтыг хэлнэ.

“Тээвэрлэгч” гэдэг нь энэхүү гэрээ ёсоор зорчигч, түүний тээшийг тээвэрлэж байгаа буюу тухайн тээвэрлэлттэй холбогдох бусад үйлчилгээг гүйцэтгэж буй агаарын тээврийн байгууллагуудыг хэлнэ.

“Электрон тийз” гэдэгт Тээвэрлэгчээс зорчигчид олгосон аяллын маршрут, баримт, мөн суудлын тасалбар орно.

“Варшавын конвенц” гэдэг нь Варшав хотноо 1929 оны 10 дугаар сарын 12-ны өдөр гарын үсэг зурж, мөн 1955 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Гааг хотноо гарын үсэг зуран протоколоор өөрчлөлт оруулсан олон улсын агаарын тээвэрт хамаарах зарим журмын тухай конвенц гэж ойлгоно.

“Монреалийн конвенц” гэж 1999 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Монреаль хотноо гарын үсэг зурсан олон улсын агаарын тээвэрт хамаарах зарим журмын тухай конвенцийг хэлнэ.

2. Энэхүү гэрээ ёсоор гүйцэтгэж буй Тээвэрлэлт нь Конвенцийн дагуу “олон улсын тээвэрлэлт” биш болох нь тодорхойлогдоогүй бол Варшавын конвенц, Монреалийн конвенцоор батлагдсан тээш тээвэрлэлтийн хариуцлагыг хязгаарлах журам үйлчилнэ. Орон нутгийн нислэгт компаний бүх хариуцлагыг Монгол Улсын холбогдох хуулийн заалтаар зохицуулна.

3. Дурдсан журамд харшлахгүй тул энэхүү гэрээгээр гүйцэтгэж буй тээвэрлэлт, тээвэрлэгчийн зүгээс үзүүлж буй бусад үйлчилгээ нь тус тийзэнд тодорхойлогдсон заалт; хэрэглэж буй хууль (конвенцийг хэрэглэх талаарх дотоодын хуулийг оролцуулан); засгийн газрын тогтоол захирамж, мөрдөж буй тариф; гэрээний нөхцөл болон түүнд хамаарах журамд (тээвэрлэгчийн аль ч салбараас мэдэх боломжтой) тус тус захирагдана.

4. Тээвэрлэгчийн нэрийг тийзэнд товчлон бичиж болно. Бүтэн нэр, түүний товчлол нь тарифын лавлах, тээвэрлэлтийн нөхцөл, зохих тээвэрлэгчийн цагийн хуваарьт заагдана. Тийзэнд тээвэрлэгчийн хаяг нь аялал эхэлсэн нисэх буудлын нэр байх ба тээвэрлэгчийн товчилсон нэрийн эсрэг талд тэмдэглэгдсэн байна. Зөвшөөрөгдсөн зогсоолууд гэдэг нь тийз эсвэл нислэгийн цагийн хуваарьт заагдсан аяллын чиглэлийн дагуу байх буудлуудыг хамааруулна. Энэхүү гэрээгээр хэд хэдэн тээвэрлэгчээр дамжигдан гүйцэтгэгдэж буй тээвэрлэлтийг нэг тээвэрлэлт гэж үзнэ.

5. Бусад тээвэрлэгчийн аяллын тийз бичиж буй агаарын тээврийн байгууллага нь түүний төлөөлөгч болно.

6. Тээвэрлэгчийн хүлээх хариуцлагыг хязгаарлах болон үгүйсгэх талууд нь тээвэрлэгчийн төлөөлөгч, ажилтан, мөн тэдгээрээр дамжуулан тээвэрлэлтийг явуулж буй агаарын хөлгийг эзэмшигч бүх этгээдэд хамаарна.

7. Бүртгэгдсэн тээшинд тээшний зүүлт олгоно. Олон улсын нислэгт тээш гэмтсэн тохиолдолд зорчигч нь тээшээ хүлээн авснаас долоо хоногийн дотор тээвэрлэгчид бичгээр гомдол гаргах ёстой. Тээш саатсан тохиолдолд тээшийг тээвэрлэсэн өдрөөс хойш 21 хоногийн дотор гомдол гаргаж болно.

8. Энэхүү тийз нь тээвэрлэгчийн тариф, тээвэрлэлтийн нөхцөл буюу зохих журамд өөрөөр заагдаагүй бол тийзийн хүчинтэй байх хугацаа нь нислэгийн өдрөөс хойш 6 сарын хугацааг хамаарна. Тухайн гэрээгээр гүйцэтгэж буй тээвэрлэлтийн тариф нь тээвэрлэлт эхлэхээс өмнө өөрчлөгдөж болно. Зохих төлбөрийг төлөөгүй тохиолдолд Тээвэрлэгч нь тээвэрлэлтийг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй.

9. Тээвэрлэгч нь зорчигч болон тээшийг хугацаанд нь тээвэрлэх талаар өөрөөсөө хамаарах бүхий л арга хэмжээг авах үүрэгтэй. Нислэгийн хуваарь болон бусад баримт бичигт заасан цаг хугацааны талаар Тээвэрлэгч баталгаа өгөхгүй ба энэхүү гэрээний бүрэлдэхүүн хэсэг болохгүй. Шаардлага гарвал тээвэрлэгч нь урьдчилан мэдэгдэхгүйгээр зорчигчдыг өөр тээвэрлэгчид шилжүүлэх, онгоцыг солих, тийзэнд заагдсан буух газрыг өөрчлөх буюу хүчингүй болгож болно. Нислэгийн хуваарь зорчигчдод урьдчилан мэдэгдэхгүйгээр өөрчлөгдөж болно. Тээвэрлэгч нь угтвар аяллаар хангах талаар хариуцлага хүлээхгүй.

10. Зорчигч нь нислэгтэй холбогдолтойгоор засгийн газраас тавьсан бүхий л шаардлагыг биелүүлэх, хилээр орж гарахад шаардлагатай бичиг баримтаа үзүүлэх, тээвэрлэгчээс тогтоож өгсөн хугацаанд нисэх буудалд хүрэлцэн ирэх, хэрэв ийм хугацаа тогтоогдоогүй бол нислэгийн өмнөх бэлтгэл хангахад бүрэн хүрэлцэхүйц хугацааны өмнө хүрэлцэн ирэх үүрэгтэй.

11. Тээвэрлэгчийн төлөөлөгч болон ажилтан нь энэхүү гэрээний заалтыг өөрчлөх, хүчингүй болгох эрхгүй.